БНХАУ-ын дарга Ху Жин Тао-г дагалдан ирсэн
Хятадын сэтгүүлчид Монголын талаар ийн бичжээ
11-р сарын 28-ны үдийн хойно, Хятад улсын дарга Ху Жин Тао айлчлан ирсэн Монгол улсын ерөнхийлөгч Энхбаяртай хэлэлцээ хийж хоёр улсын олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, Хятад Монголын сайн хөршийн харилцан итгэлцсэн түншийн харилцааг ахиулан гүнзгийрүүлж хөгжүүлэх талаар чухал нэгдсэн ойлголтод хүрэв.
Хятад улс Монголын төмөр зам, авто зам, эрчим хүчний тоног төхөөрөмж болон цахилгаан дамжуулах шугам барьж байгуулах талаар Хятадын тал хөрөнгө оруулалт хийж, Монголын уул уурхайг хамтран нээж ашиглахыг Энхбаяр эрмэлзэж байна.
Монгол гэдэг энэ "өвөрмөц" хөрш орны өнөөгийн хөгжлийн төлөв байдал, нийгмийн дүр төрх тэрчлэн худалдаа наймааны боломж нөхцлийн талаар Хятадын олон нийт машид анхааран харж байдаг юм.
Хөх хотын онгоцны буудал дээр Монголын МИАТ-ын бага оврын онгоцонд сууж бид харийн оронд хийх аяллаа эхэлсэн юм. Үйлчлэгч нь гэж хоёр хөөрхөн царайлаг монгол бүсгүй хятад хэлгүй болохоор тэдэнтэй харьцахдаа бид алдаг оног англи хэл дээрээ дохио зангаагаа нэмж байж ойлголцох яадаж явлаа. Энэ зуур санаанд оромгүй нь гэвэл онгоцон дотор нэгэн төрөл Монгол пиво өгөх бөгөөд шошгон дээрээ Чингис хааны зурагтай ажээ. Бид ганц ганц лаазыг ууж үзвэл Хятадын пивонээс амт нь арай гашуун талдаа санагдав. Онгоцон дотор шар айраг өгдөг нь бас л Монголын онцлог бололтой.
Онгоц ниссээр Монголын хилд орсны дараа дорогш харвал далавчин дор эзгүй зэлүүд ээрэм цөл газар ээлжлэн өнгөрөх бөгөөд хаяахан нэг өчүүхэн өчүүхэн ногоон зурвас үзэгдэх аж. Харин Монголын нийслэл Улаанбаатарт ойртож очвол газрын өнгө номин ногоон болж эхлэх юм.
Бид анхандаа Монгол улс бол сая таван зуун мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, тэгсэн атлаа хоёр сая таван зуугаадхан мянган хүнтэй , бас дээр нь хүн амынх нь 90 хувь нь хот суурин газар эсвэл төмөр замын дагуу төвлөрөн суудаг болохоор ихэнх нутагт нь хүн амьтангүй учраас газар нутаг эвдэрч сүйдсэн нь бага, нягтрал бага болохоор байгаль орчин нь сайхан байх гэж бодож байсан чинь харин эндэх цөлжилтийн хэмжээ нь Хятадын Өвөр Монголын өөртөө засах орныхоос ч ноцтой байдалд хүрчээ. Эрэгцүүлж үзвэл дэлхийн агаар мандлын өөрчлөлтөөс үүдэлтэй цөлжилт газар авч байгаа нь умартын экологийн сүйрлийн гол шалтгаан харин хүний үйл ажиллагааны улмаас сүйдэж байгаа нь хоёрдох хүчин зүйл болж байгаа юм байна.
Онгоц хоёр цаг хагас нисээд Улаанбаатарын онгоцны буудалд газардав. Энэ онгоцны буудал нь том багаараа өвөр Монголын орон нутгийн дэсийн хотын онгоцны буудлын дайтай бөгөөд гүйлтийн өргөн зурвасгүй, дотроо хүлээлгийн том танхимгүй ажээ. Онгоцны зогсоол дээр том онгоц нэг их үзэгдэхгүй харин шурган сэнстэй хэдэн жижиг онгоц бас хэдэн цэргийн нисдэг тэрэгхэн төдий үзэгдэнэ.
Эртний атлаа залуу хот
Улаанбаатар гэдэг нь монгол хэлэнд "Улаан өнгийн баатар эр" гэсэн утгатай ажээ. Энэ бол 36О гаруй жилийн түүхтэй тал нутгийн хот бөлгөө. Герусай хэмээх Франц хүн "Тал нутгийн эзэнт гүрэн" гэдэг номондоо "Тэд монголчууд хот балгасгүй, нүүдэл дундаа цацар майхан эгнүүлэн босгоно. Тэр цагт тэргэн дээр барьсан гэр цацрын эргэн тойронд хүрээ байгуулах юм уу түр зуур бөөгнөрөн суудаг байсан газар нь тал нутгийн ирээдүйн хотын эх загвар болжээ" гэж тэмдэглэсэн байдаг.
Хятадын Чин гүрний үед тал нутгийн энэ хотыг бас "хүрээ" гэдэг байсан бөгөөд монгол хэлний утга нь "хашаа хороо" гэсэн шиг ажээ. Одоогоос наяад жилийн өмнө хүрээг Улаанбаатар гэж нэрийдэх үед хотоор дүүрэн монгол гэр байсан гэлцэнэ. Гэвч эдүгээгийн Улаанбаатар нэгэнт төрөл арилжжээ. Улаанбаатарын гудамжаар явж үзэхэд хаа сайгүй орчин үеийн өнгө төрхтэй барилга байшин харагдана.
Улаавтар шаргал улсын дуу бүжгийн театр, дуурийн театр, ногоон өнгийн уран зургийн галерей, хотын соёлын ордон бас хөх өнгөтөй циркийн байшин гэх мэт. Томоохон барилга байшингууд нь бараг цөм л урт урт хонгилтой, өндөр өндөр гулдан баганатай бах нь Оросын сонгодог маягийн хийц загварийг илтгэхийн дээр Оросын соёлын нөлөөг харуулж байх юм.
Хүмүүсийн хэл яриа, үсэг бичиг, бас монгол үсгийг славянь болгож өөрчилсөн нь уламжлалт монгол бичиг үсэгтэй маш их ялгаатай ажээ. Улаанбаатарын нэг бэлэг тэмдгийн шинжтэй байгууламж нь Сүхбаатарын талбай бөгөөд хэмжээ нь 5О мянган метр квадрат, төв хэсэгт нь Монголын ардын хувьсгалын удирдагч Сүхбаатарын эмээл дээрээ ташуур далайн өндийсэн сүрлэг том хөшөө сүндэрлэж харагдана. Энд олон бүгдээр цуглаж, амарч зугаалдаг гол газар нь юм байна.
Төрийн ордон, Улаанбаатар хотын захиргаа, Монголын түүхийн музей болон Улсын дуурь бүжгийн театр гээд гол гол барилга байшингууд нь мөнхүү талбайн дөрвөн талд байх аж. Улаанбаатарын гудамж зээлээр алхаж явахад энэ хотод хүн зон нь орчин цагийн болон уламжлалт хувцас хунар өмсөж зүүсэн нь илт ялгарч сонин содон үзэгдэнэ.
Настайчуул нь голдуу гоёмсог сайхан монгол дээл өмссөн байхад дунд насныхан болон залуучуул юу дуртайгаа санаан зоргоор өмсөж зүүсэн үзэгдэнэ. Ялангуяа залуухан охидууд элдвээ ил гаргасан эрээ жороогүй, энгэр захгүй, унжсан санжсан учир нь олдохгүй юм өмсөцгөөсөн байх нь сонин.
Улаанбаатар хотын орлогч дарга Баатарзориг "Хуан чию" сэтгүүлийн сурвалжлагчид ярихдаа, Улаанбаатар бол залуусын хот юм. Сая гаруй хотын оршин суугчид дотор 35-аас доош насны залуучууд 7О орчим хувийг нь эзэлж байна гэсэн юм.
Улаанбаатарын гудамжуудаар ийм нэг бүлэг хүмүүс хаа сайгүй тааралдана. Юу гэвэл антентай утасны аппарат тэвэрсэн хүмүүс нааш цааш явагсдыг даллаж дуудан утсаараа яриулан бизнес хийдэг гэнэ. Энэ нь одоо Улаанбаатар хотын "мобикомын цэг" маягтай юмуу даа. Энэ хотод тогтсон утсаар ярьчих цэг гэж юм харагдсангүй, гар утас маш их дэлгэрсэн болохоор утсаар ярих цэгүүд ашиг орлогогүй байдаг бололтой юм.
Улаанбаатар бол дугуйтангууд бараг байдаггүй хот ажээ. Хотын зам нь нарийхан, хуучирсан, машин тэрэг маш ихийн дээр ихэнх нь Япон, Солонгос зэрэг орнуудаас оруулж ирсэн хуучин машин байдаг юм байна. Хуучин машин оруулахад гаалийн татваргүй, машины үнэ хямд байсан болохоор хотын айл өрхүүд их хэмжээгээр оруулж ирсэн гэнэ. Орой өглөө ажил цуглах тарах цагаар машины түгжрэл гэдэг ч тоймоо алджээ.
Эдүгээ Улаанбаатарт өндөг жимс мэтийн бүтээгдэхүүнийг ганц нэг ширхэгээр авч болно, тэр бүү хэл тамхийг задгайгаар нь ширхэглэн авч болдог ажээ. Улаанбаатарт долоо хоног зочлохдоо бид маш бага мөнгө зарж, Улаанбаатарт үзэгдэж харагдах "Гадаадын тамхи"-ийг бараг л бүгдийг нь татаж үзсэн юм.
Монголчуудын соёлын байдал нилээд өндөр, хүнд их л соёлтой ёсорхуу хандана. Нийтийн талбай, ялангуяа дэлгүүр, ресторан, жижиг хоолны газар хаана ч орсон нам жим манайд бол хаа сайгүй байдаг орлион, чарлаан, үймээн шуугиан энд байхгүй. Хүмүүс юм худалдаж авахдаа намуухан дуугаар үнийг нь асууж ч байх шиг, хоол унд идэж байхдаа аяархан ярьцгаана. Худалдан авагчид өөрсдөө дугаарлаж, журам номоо барина.
Улаанбаатар бол хэрэглээний хот юм. Шөнийн амьдрал зогсоно гэж байхгүй. Бидэнд тайлбарлаж ярьснаар бол эндхийн шөнийн амьдрал ерөнхийдөө оройн 1О цагт эхэлдэг гэнэ. Хотын оршин суугчид гудамжинд гарцгааж гуанз, баар, ресторан, цэнгээний газруудаар хэсүүчилнэ.
Улаанбаатар хэдийгээр капиталист системийг хэрэгжүүлж байгаа ч гэсэн хуучин коммунист системийн үеийн зарим нааштай уламжлалаа баримталж байдаг аж. Казино мөрийтэй тоглоомын газар байхгүй, эмсийн хүрээлэн гэж байхгүй, гагцхүү гудамжинд зарим янагийн явдалд урин дуудахыг улалзтал олж харж болно. Зарим зоогийн газар 24 цагаар үйлчлэх нь Улаанбатар бол шөнө амардаггүй хот гэдгийг нотлож байх шиг.
Нүүдлийн амьдрал ул болжээ
Хятадын малчид нэгэнт суурин сууж амьдрах болсон өнөөдөр Монголын малчид аанай л нүүдэллэж амьдарсан хэвээр байна. Улаанбаатар орчмын монгол малчдын уламжлалт нүүдлийн хэв шинж нь Хятадын малчдын суурин сууж мал маллах амьдарлын хэв шинжтэй илэрхий харьцуулж болохоор болжээ. Монголд бэлчээр нийтийн эзэмшлийнх байдаг бөгөөд айл өрхөд хувааж өгөөгүй, малчид жилийн дөрвөн улиралд хаа сайгүй нүүдэл хийж болдог байна. Монголын тал нутаг тэр чигээрээ тэдний нутаг болдог байна. Тэр бүү хэл өдий төдий малчид жилдээ нэг Улаанбаатарт нүүж ирээд буцдаг аж. Тэд жилийн эхнээс мал сүргээ тууж Улаанбаатарын чиглэлд нүүдэг бөгөөд хэдэн сар нүүгээд 7-р сарын 11-нд болдог улсын баяр наадмын өмнө Улаанбаатарт ирж хурааж базаасан идээ цагаагаа борлуулж, наадмаа үзээд дахиад хэдэн сар нүүж нутаг орондоо буцдаг юм гэнэ. Үндсэндээ энэ мэтээр жил жилд дахин давтан эргэлдэж амьжиргааны нэг дэглэм орчил болсон гэлтэй.
Адуун сүргийн аж ахуйн үнэлэмж буурч, хэрэглээний үнэ өртөг нь машин тэрэг мотоциклээр солигдосноос болж өвөр Монголын хээр талын малчид адуу өсгөх идэвх сонирхол нь багассан билээ. Харин Монгол улсад адуу нь аж ахуйн чухал хэрэглээ, хүчийг нь ашигладаг мал хэвээр байна.
Айраг бол Монгол хүний хувьд Хятадын цайтай адилхан маш түгээмэл хэрэглэдэг ундаа болно. Нөгөө талаар Монголын малчдын нүүдлийн амьдралыг зөвхөн мориор хөл залгах хэрэгсэл болгодог гэхээс өөрцгүй бөгөөд орчин үеийн тээврийн хэрэгслийн тухайд нутаг уудам хүн цөөнтэй монголын хээр талд түлш шатахуун амархан олж авахын аргагүй байдаг аж..
Бидэнтэй цуг явсан Монголын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чулуунбаатарын тайлбарласнаар бол Монголын малчид одоо хүртэл жилийн дөрвөн улиралд нүүдэл хийдэг бөгөөд үүний хамгийн ашигтай тал нь өвс бэлчээрийг нөхөн сэргээж тал хээрийг талхлан сүйтгэхээс хамгаалдагт байдаг ажээ.
Энэ удаагийн аялал айлчлал маань монгол үндэстний уламжлалт нүүдлийн амьдарлын хэв шинжийн талаар биднийг шинэ ойлголттой болгосон юм. Нүүдлийн мал аж ахуй гээч нь малчид хэдэн мянган жилийн амьдрал практик дундаасаа шалгаруулж гаргасан байгалийн хуульд нийцсэн үйлдвэрлэлийн хэв шинж бөгөөд тийм ч амархан үгүйсгэх ёсгүй зүйл юм байна. Өвөр Монголын малчид байран суурин суудаг болсноос хойш хэдийгээр үйлдвэрлэл амьдрал нь шинэчлэгдсэн хэдий ч хуучин байсан өвс ус нь тэгширсэн нутаг газар нь хүн малын хөлөөр байнга талхлагдаж сүйтгэгдээд аажмаар цөлжиж, сүйрч байгаа билээ. Үүнийг эх байгалийн нэгэн зүйлийн гэсгээл шийтгэл гэхээс өөр юу гэлтэй билээ.
Шинэ цагийн "Монголд очих бизнес"
Түүхэнд тухайн үедээ "Монгол явдаг наймаачид" өдий төдийгээрээ өвөр Монголын "тал нутгийн торгоны зам" гэгчээр дамжин Улаанбаатарт очиж "цай адууны арилжаа" "адуу хандивлах худалдаа" гэх мэтээр арилжаа наймаа хийдэг байжээ. Харин эдүгээ шинэ цагийн "Монгол явдаг наймаачид" Улаанбаатарыг дарж байгаа ажээ.
Улаанбаатарын гудамж, үзвэр үйлчилгээний газруудад бид танил дасал болсон үг яриаг хаа л бол хаа сонсож, том дэлгүүрүүд худалдааны төвүүдэд нүд эрээлжлүүлсэн лангуу тавиурууд дээр өрж өлгөсөн Хятадын бараа бүтээгдэхүүнийг үзэж, гудамж дагуулан байрлуулсан зүсэн зүйлийн сурталчилгааны самбарууд дээр санаанд ч үгүй ханз үсэг жирийлгэсэн байхыг харж явлаа.. .
Хятадаас Монголд хөрөнгө оруулалттай үйлдвэрийн газруудыг харьяалдаг Хятадын үйлдвэр худалдааны ерөнхий газраас бидэнд өгсөн баримтаас үзвэл 2ОО4 онд Монголын хилээр орж гарсан Хятад иргэдийн тоо 2ОО мянган хүн удаад хүрч, жилээс дээш хугацаагаар Монголд байнга оршин сууж байгаа Хятадуудын тоо 7ООО гаруйд хүрсний ихэнх нь Улаанбаатарт амьдарч байна.
Та гадаа гудамжинд зам асуувал монголоор хэлээд хэрэггүй, хятад хэлээр хорин хүнээс асуухад дор хаяж нэг хүн ойлгож таараа гэдэг ч юм уу эсвэл Та монголд бэлэг дурсгалын зүйл худалдаж аваад нарийн үзэлгүй гэртээ аваачаад задлаж үзвэл лавтайя "Хятадад үйлдвэрлэв" гэсэн бичиг гарч ирнэ дээ гэж Улаанбаатарт уулзсан найз маань тоглоом шоглоом болгон ярьсан юм.
1998 оноос нааш Хятад улс Монголд хамгийн их хөрөнгө оруулагч орон байсан хэвээр байна. Монголын талын баримт сэлтээс үзэхэд 2ОО4 оны эцэс гэхэд Монголд хөрөнгө оруулсан Хятадын үйлдвэр аж ахуйн газрын тоо 16ОО-д хүрч оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 46О сая америк доллар болсон нь монголд гадаадаас оруулсан нийт хөрөнгө оруулалтын 4О гаруй хувийг эзэлсэн байна. Хятадын үйлдвэр аж ахуйн газруудаас Монголд хөрөнгө оруулж байгаа гол гол салбарууд гэвэл уурхай баялгийг нээж ашиглах, нэхмэл сүлжмэл хувцас, барилга, барилгын материал, мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр, үйлчилгээ зэрэг салбарууд байгаагаас уул уурхайн салбар нь хятадын аж ахуйн газрууд дотроос хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн их нь бөгөөд 1ОО сая юанаас дээш хөрөнгө оруулсан үйлдвэр 1О-аад байгаа юм байна.
1999 оноос нааш Хятад нь Монголын хамгийн том худалдааны түнш байсаар байгаа бөгөөд 2ОО4 онд Хятад Монголын худалдааны хэмжээ 6ОО сая ам долларт хүрсэн байна. Ойрын жилүүдэд Хятад Монголын худалдааны жилийн өсөлтийн хурдац дундажаар 1О хувиас давсан байна.
1О жилийн өмнө хэдэн өвөр Монгол бизнесмен, Монголын талын бизнесмэнүүдтэй хөрөнгө хамтарч Улаанбаатарт Сансар гэх кабелийн телевиз байгуулжээ. Одоо Сансар телевиз Улаанбаатарын хамгийн нөлөө бүхий, хэрэглэгч хамгийн олонтой, ашиг орлого хамгийн ихтэй кабелийн телевиз болж хөгжсөн бөгөөд 47 сувгаар нэвтрүүлэг дамжуулдгийн дотор CCTҮ-1, 4, 5, 9-ийн программ болон өвөр Монголын Монгол хэлний Одон телевиз зэрэг дотоодын 8 телевизийн программыг дамжуулдаг юм байна.
Үүн дотроос ялангуяа өвөр Монголын монгол хэлээр нэвтэрдэг Одон телевизийн программ Монгол үзэгчдийн сонирхлыг гойд татдаг ажээ. Монголын засгийн газрын өндөр албаны нэг хүн өвөр Монголын монгол хэлээр гардаг Одон тв-ийн олон ангит кино үзэх гэж өглөө хийхээр товлосон хурлаа хойшлуулж байсан удаатай гэдэг.
Үнэхээр энэ ТВ Хятадын үйлдвэр худалдааныханд үзэж харах индэр болоод зогсохгүй бас монголчууд Хятадыг таньж ойлгох суваг болсон байна. Тус ТВ-ийн Хятадын талын хувьцаа эзэмшигч Ли Дунгийн хэлснээр "өдөр бүр сонирхолтой үзүүлэн гаргаж, хоног бүр найртай сэтгэлийг тарааж байна".
Монгол улсын хуулиар тус улсын ТВ-ээр реклам гаргахыг хориглодог болохоор Монголын зарим аж ахуйн газрууд реклам сурталчилгаагаа өвөр Монголын Одон ТВ-ээр гаргадаг болжээ.








































